fbpx

Тусгаарлагдсан иргэд ; Шороон замаар 5 цаг яваад яваад ирэхэд гахайн оромж шиг газар угтсан.

0
Share

Энэ сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр эх орондоо ирсэн иргэд Төв аймгийн Батсүмбэрийн Баянхангай амралтад тусгаарлагдаж буй. Тусгаарлалтад байгаа иргэд манай редакцад хандсан бөгөөд “Энэ газар маш заваан, хогоо шүүрдэж, шалаа угаагаагүй, өмнөх хүний хэрэглэсэн савангийн үлдэгдэлтэй, ор дэрээ ч зөв байрлуулж тавиагүй, чийгтэй, дусаал гоожсон, хана нь ховхорсон байсан” гэв.

Тухайн иргэд онгоцны буудал дээр бүтэн өдөр хүлээж, гэрээсээ гарснаас хойш гурав дахь өдрийн өглөө Монголд онгоцноос буусан аж. Буусны дараа амралтын газар руу автобус таван цагийн турш шороон замаар явж хүрсэн бөгөөд ирэхэд нь бохир өрөөнүүд угтсан байна.

Өндөр төлбөр төлж, хол зам туулан, олон цагийн турш хоолгүй, ядарч ирсэн хүмүүс эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт орохоосоо татгалзаж, арга буюу гадаа сууцгаасан байна. Улсын онцгой комисс руу ч мэдэгдсэн аж. Иргэд “Ядаж халуун ус ууя гэхэд орохгүй бол хоол өгөхгүй гэж хэлсэн. Хүлээж суусны эцэст үнэхээр ядраад өлсөөд орой 17.00-18.00 цагийн үед өрөөндөө орсон. Өрөөгөө өөрсдөө цэвэрлэж арай дээр болгосон.” гэв.

Иргэдийн дунд өндөр настай, бага насны хүүхэдтэй хүмүүс байсан бөгөөд халуун ус гуйсаар маргааш орой нь олж уусан гэх зэрэг асуудал байгааг хэлсэн юм.

Өмнө нь “МҮИС”-ийн тусгаарлах байр бохир, ЗХЖШ-аас хангасан хоолны чанар муу талаар бидэнд гомдол ирүүлж байв. Харамсалтай нь иргэдийн гомдол тасарсангүй. Гадаадаас иргэдээ татаж авахаас өмнө тусгаарлах байраа олж бэлтгэх  нь Улсын онцгой комиссын Шуурхай штабын үүрэг хариуцлага билээ. 

Энэ асуудлыг анхаарч ажиллаж байгаа ба удахгүй хариу өгнө гэж Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлсэн ч өдийг хүртэл олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөөгүй байна. Мөн өмнө нь зөрчил гаргасан зочид буудал, дотуур байрны удирдлагуудад ямар хариуцлага ногдуулсан нь ч тодорхойгүй байна.      

УОК-ын шуурхай штабын дарга 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “Тусгаарлан ажиглах байранд ажиллах албан хаагчдын чиг үүрэг”-ийг баталсан. Үүнд тусгаарлах байрны үндсэн ажилтан байрны хэвийн үйл ажиллагааг хангана гэж заасан юм. Гэвч “Баянхангай” амралтын газар энэ үүргээ огт биелүүлэхгүй байгаа нь дээрх зургуудаас харагдлаа. 

Мөн Улсын Онцгой комиссын Шуурхай штабын тусгай дугаарын утсанд гуравдугаар сарын  10-наас хойш 3150 гомдол ирүүлжээ. Эдгээрийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж Шуурхай штабаас мэдээлсэн ч бодит байдал дээр шийдлээ хүлээсэн асуудал байсаар л байна. 

About Post Author